What's New

АНИР ӨНГӨ АЯС

Лхагважавын Хонгорзул нь 2003 онд Соёл Урлагийн Их Сургуулийг Бакалаврын зэргээр дүүргэн, өдгөө Магистрантаар сурч байгаа билээ. 2010 оноос одоог хүртэл нийт 23 хүртэлх үзэсгэлэнгээ Монгол, Япон, Бүгд Найрамдах Солонгос болон Америкийн Нэгдсэн Улсад танилцуулсан.

Бид Хонгорзулын бүтээлүүдээс сэтгэлийн амар амгалан, эмэгтэй хүний ярвигтай мөн хосгүй зан төрх, олон давхаргат төлөв байдал, түүний бийрний зөөлөн өнгө аяст  шигдэн ширтэж буйгаа анзаарч алмайрсан юм. Магадгүй та ч гэсэн тэгэх биз ээ.

“Намайг өөрчилсөн зүйл бол миний өөрийн амьдрал.

Би үхлээс айдаггүй. Би ирсэн, нэг л өдөр явна.”

AVE: Зураач уран бүтээлчид  хоногийн 24 цагийн ихэнхийг  өөрийн урландаа өнгөрүүлж, тэндээ бараг амьдардаг  байх гэмээр байдаг.  Харин таны ажлын байр чинь энэ байдлыг үүсгэдэг  үү?

ХОНГОРЗУЛ: Зураач хүнд урлан хамгийн чухал. Би Монгол Зургийн Нийгэмлэгийн урланд суудаг. Өрөөндөө харьцангуй олуулаа байдаг. Урланд маань 6 уран бүтээлч байдаг бөгөөд миний хувьд сайн муу хоёр талтай. Мэдээж өөр өөр хүмүүсийн хэв маяг, зан ааш, хүсдэг орчин нь өөр. Би цэвэрхэн, тайван орчинд зургаа зурах дуртай. Харин олуулаа учраас энэ орчин бүрддэггүй. Сайн  сайхан тал нь гэвэл эзгүйд бүтээлийг маань үзэсгэлэнд хүргэж өгөх, авчрах, хамт бүтээлийнхээ, урлагийн тухай ярилцах, хамт аялаж этюдэнд явах, монгол зурагтай холбоотой зохион байгуулттай ажилд олууллаа учраас хүчтэй байдгаас гадна хөгжилтэй байдаг.

10954549_857802697612448_2706249451061647055_o

AVE: Нэг талын гэр болсон энэ ажлын байр оффисс ямар байж гэр шиг тав тухыг хүнд өгдөг гэж та боддог вэ?

ХОНГОРЗУЛ: Уран бүтээлч болгон хувь хүн учраас урландаа янз бүр байдаг. Би өглөө эрт ганцаараа тайван тухтай сууж хийх дуртай. Бүтээлээ хийхэд бүх зүйл бэлэн байх, дуртай сонирхдог эд зүйлс номнууд, тухтай сандал том мольберт, орон зай, байгалийн гэрэл, уух дуртай цай, сайхан агаартай байвал гоё, магадгүй байгалтай ойрхон, гэр гэхээсээ илүү миний ертөнцтэй нийцсэн байвал миний урлан илүү тав тухтай гэж бодож байна.

AVE: Та ямар номыг залууст  уншаач гэж зөвлөх вэ?

ХОНГОРЗУЛ: Намайг өөрчилсөн зүйл бол миний өөрийн амьдрал надад өөрчлөлт хийхэд нөлөөлсөн. Хүн өөрийн биеэр аливаа зүйлийг туулж, унаж босож байж  учрыг нь ойлгож хувь хүн болдог гэж боддог. Би алдартай хүмүүс, багш, анд нөхөр, аав ээж, хүмүүсийн хэлж сургадаг  үгсийг өөртөө шингээн биелүүлдэг. Залууст захиж хэлхэд хичээл даалгавар дээр унших ёстой ном зохиол, судлах номоо цаг тухайд нь унших номтой нөхөрлөөрэй л гэж захиж хэлье. Бид сурч боловсорч байх үедээ ном уншиж хэвшвэл дараа хэзээ ямар ном уншихаа хэлүүлэхгүйгээр өөрсдөө сонгож унших болно. Би ном тиймч их уншдаг хүн биш. Номыг уншаад дүгнэлт  хийж логик утга гаргах нь гол гэж бодож байна. Би сүүлд хичээлтэй холбоотой номнууд уншсан юм байна. Одоо СУИС-н Магистрант. Зохиолын, батентын хууль, уртын дууны тухай, судалгааны арга зүйн  номнууд сүүлд уншсан.

AVE: Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна даа?

ХОНГОРЗУЛ: Сүүлийн үед хийж байгаа бүтээл маань мөн л эмэгтэй хүний тухай тэд хамтдаа хэрхэн хөгжиж байга, миний үзэл бодол , орчин үеийн эмэгтэй хүмүүс яаж оршин тогтнож байгаа гэх мэт санаанууд байгаа.

ИТГЭЛ СЭТГЭЛИЙН САЛХИ 58х85 гуашь 2010 WIND OF THE FAITH 58x85 gouache 2010

“Монголд 10 жилийн өмнө бүтээлчид өөрийн бүтээлийн тухай төдийлөн ярьдаггүй байсан.”

AVE: Олон улсын яармаг, үзэсгэлэнд оролцоход гадныхан манай уран бүтээлчдийг хэрхэн дүгнэдэг бол?

ХОНГОРЗУЛ: Олон улсын үзэсгэлэнд манай уран бүтээлчдийн бүтээл илүү онцлог өөр бөгөөд уламжлалт хэв шинжийг хадгалсан, чанартай байж чаддаг. 2014 онд Японы Фукуока хотын Үндэсний музейтэй Монгол зургийн Нийгэмлэг хамтарч ажиллаж, тремнальд өөрийн биеэр очиж оролцсон. Тусгай нэг өдөр монгол зургийн үзэсгэлэн нээгдэж, өөрсдийн бүтээлийн онцлогын тухай тайлбарлаж, бусад орны бүтээлчдийн асуултанд хариулж, тэдэнтэй танилцаж бүтээлүүдийг нь мөн сонирхсон. Уг үзэсгэлэн 70 хоногийн турш нээлттэй байсан бөгөөд, энэ хугацаанд музей олон үйл ажиллагаа зохион байгуулж, их олон хүнд олон улсын уран бүтээлчдын бүтээлийг үзүүлсэн байсан. Музейн куратор хэлэхдээ Монголд 10 жилийн өмнө ирж уран бүтээлчидтэй уулзаж байсан ба тэр үед бүтээлчид өөрийн бүтээлийн тухай төдийлөн ярдаггүй байсан. Одоо бараг асуултгүй нээлттэй ярьж ярилцдаг болсноос гадна үнэхээр сайн зурсан сайхан бүтээлүүд байна гэж ярьсан.

AVE: Одоо дэлхийн зургийн чиг хандлага ямар сэтгэмжид чиглэж байна вэ?

ХОНГОРЗУЛ: Одоо үйл хөдлөлийн хөдөлгөөнт урлаг, техник технологи ашигласан, фото, байгаль экологитой холбоотой, мэдээж сонгодог реалист уран зураг сэтгэмж чиглэлээ алдахгүй байх.

AVE: Тэгвэл монголын дүрслэх урлагийн хөгжил…?

ХОНГОРЗУЛ: Монголын дүрслэх урлаг одоохондоо байгаагаараа байгаа юм шиг ээ. Монгол зураг хөгжиж байгаа болхоор арай нэг өөрөөр тэсрэх цаг ирэх байх. Саяхан Б.Номин маань тэтгэлэг авсан нь бид үнэхээр сайн ажиллаж чадвал илүү сайхан хөгжих боломж байна гэдгийг харууллаа гэж бодож байна. Тийм болхоор бүтээлээ сайн хийх хэрэгтэй.

ХОЁР ГОО 86х139 гуашь 2011 TWO BEAUTY 86x139 gouache 2011

AVE: Манайхан бараг л салбар бүрт “изм” ярьдаг шүү дээ. Ийм учир нь олдохгүй баахан “изм”-үүд урлагийн хөгжил дэвшил мөн үү?

ХОНГОРЗУЛ: Би хөгжил гэж хэлмээргүй байна. “Изм” нь тухайн бүтээлийн чиглэл үечлэл зэргийг тодорхойлдог болов уу. Юу хийгээд байгаагаа мэдэхгүй “изм” “изм” гээд байх утгагүй байх.

AVE: Манайх ардчилсан орон. Тэгэхээр урлаг, ардчилал хоёр ямар холбоотой байна вэ? Манай дүрслэх урлаг ардчиллагдаж чадсан уу?

ХОНГОРЗУЛ: Бид өнөөдөр илэрхийлхийг хүссэн зүйлээ бүтээлээрэй чөлөөтэй харуулж чадаж байна. Нийгэмд болж өрнөж байгаа, төрийн доторхи муу муухай, болж бүтэхгүй, ялзралыг бүтээлээрээ дамжуулан нийтэд үзүүлж байгаа нь ардчлалын нэг хэлбэр бөгөөд үүнийг хэнч буруу шааж, зогсоож хориглодоггүй. Тэгхээр ардчилал байхгүй байсан бол бид йим бүтээлүүдийг хийж чадахгүй байсан байх.

JINHENE HUN 90x190 zoton,akrelik 2014

AVE: Манай дүрслэх урлаг ардчиллагдаж чадсан уу?

ХОНГОРЗУЛ: Нийгмийн өөрчлөлт нь уран бүтээлд их бага хэмжээгээр нөлөөлнө. Социалист ардчиласан нийгэмийн үед хийж байсан бүтээлүүдийн сэдэв санаа ажиллагаа өнгө гээд өнөөдрийн нийгэмд бүтээгдэж байгаа бүтээлүүдээс тэс өөр байгаа нь ардчиллагдаж чадсан.

AVE: Амьдралаа урлагт зориуллаа. Харин оюунаа хэр үнэлж худалддаг юм бэ?

ХОНГОРЗУЛ: Оюунаа үнэлэж худалдах маань маш чухал.  Тухайн бүтээлийг хийх санаа, түүн дээр ажиллах  оюун ухаан, мөн түүн дээр ажиллах цаг хугацаа,  бүтээлийг хийх будаг, рам, зотон, чанартай материал, бүтээж байгаа хоногуудад  гарсан зардлууд болоод, хамгийн гол нь тухайн уран бүтээлчийн чадвар сэдэв санаа, зохиомж, нэр хүнд  гээд олон зүйлээс хамаарч үнэлгээ гарна.

ЭР ХҮНИЙ ТУХАЙ 73х117.5 гуашь 2010 ON THE SUBJECT OF MAN 73x117.5 gouache 2010

AVE: Та үхлийг яаж зурах вэ? Яагаад?

ХОНГОРЗУЛ: Би үхлээс айдаггүй. Би ирсэн, нэг л өдөр явна.  Хэрэв би үхлийн тухай зурвал аз жаргалтай тайвшрал, гэрэлтэй олон гоё өнгөнүүдээр инээмсэглэлтэй тийм бүтээл хийх байх. Би үхэл гэдгийг тиймч аймшигтай, харанхуй, муухай зүйл гэж бодохгүй байна

AVE: Танд зурахаас эмээдэг зүйл байдаг уу?

ХОНГОРЗУЛ: Зурхаас эмзэглэдэг зүйл гэж бодож байгаагүй юм байна. Миний бодлоор эмзэглээд байвал зурж чадахгүй, зурахч хэрэггүй байхаа. Би ер нь бол уйтгар гуниг, зовлон шанлал, муу муухай дурсамж зурах дургүй. Тиймэрхүү зүйл илэрхийлэх бол арай өөр талаас нь зөөлөн хүргэх болов уу.

ГОЁ ХӨЛ 90х115 гуашь 2012 BEAUTIFUL FOOT 90X115 gouache 2012

AVE: Урлаг хүнд яаж хүрдэг юм бэ? Түүнийг хүртээхийн тулд өөрийгөө хэрхэн бэлтгэх ёстой вэ?

ХОНГОРЗУЛ: Тухайн урлаг хүнд сэтгэл хөдлөл, мэдрэмж таашаал өгч байвал тэр урлаг мөн гэж бодож байна. Урлагийг тэр дундаа дүрслэх урлагийг нэг үзэж хараад ойлгож мэдрэнэ гэж байхгүй . Дахин дахин сайн ажиглаж харж, магадгүй уран бүтээлчтэй нь ярилцаж, ажиллаж байгаа явц зэргийг харснаар хүртэж болох юм. Бас зураачийн дотоод ертөнц, зураач болох замнал намтрыг нь судлаж болох юм.
УУРАГ ТАРХИ 90х130.5 гуашь 2011 BRAIN 90x130.5 gouache 2011

AVE: Бийр, будаг нийлүүлж эхэлснээс өнөө хүртэлх замналыг тань сонирхъё?

ХОНГОРЗУЛ: Би 2010 онд уран бүтээлээ хийхээр сэтгэл шулуудаж  УЭХ-ны урланд Монгол зургийн нийгэмлэгийн өрөөнд ирсэн юм. Ингээд уран бүтээлээ эрч хүчтэйгээр хийж эхэлсэн. 2012 оны 3 сарын 19 нд “Нандин” уран бүтээлийн үзэсгэлэнгээ УЭХорооны галлерейд тун амжилттай гаргаж  байсан нь өчигдөрхөн юм шиг санаглаж байна. Энэ үзэсгэлэн надад эрч хүч, урам зориг, урагш тэмүүлэх, амьдрал, сэтгэл санааны хувьд үнэхээр сайхан гайхалтай алхам байсан. Бүтээлүүд маань олон гадаад дотоодын  хамтарсан үзэсгэлэнд оролсон. Үүнд АНУ, Солонгос, Орос, Монгол улсд зохион байгуулагдсан Олон Улсын Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн, Залуу уран бүтээлчдийн “Grand art” үзэсгэлэнгээс тусгай байр, Япон Улсын Фукуокагын  Азын арт музейтэй хамтран ажилласан үзэсгэлэн, сүүлд Солонгосын Тэжон хотноо Франц, Тайланд, Орос, Япон, Солонгос, Монгол орны хамтарсан үзэсгэлэнд оролцоод ирсэн.

AVE: Та бүтээлүүдээ гадаад, дотоодод зардаг уу?

ХОНГОРЗУЛ: Тиймээ гадаад дотоодод бүтээлээ зардаг. Миний бүтээлүүдийг хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, гадаад дотоод гээд ялгаагүй авдаг. Охиндоо эсвэл эмэгтэй хүнд авах нь арай илүү байх шиг санагддаг.

Non stop 75x132 poster, cotton

AVE: Зураачид ихэвчлэн аль нэг урсгалаар дагнаж бүтээлээ туурвидаг. Харин таны хувьд?

ХОНГОРЗУЛ: Миний бүтээлүүд contemporary урсгалд хамрагддаг. Би гэхдээ ийм тийм чиглэл урсгал гэж хийхгүй. Зүгээр л хүссэн зүйлээ илэрхийлэх хүссэнээ л зурна. Хамгийн гол нь юу илэрхийлэх, мэдрэмж чухал, ямар ч материал техник ашиглаж бүтээлээ хийж болно.

AVE: Таны бүтээлүүд дунд эмэгтэй хүны тухай өгүүлсэн зураг цөөнгүй байна.

ХОНГОРЗУЛ: Бүхийл зүйлийг тус тусд нь ажиглаж сонирховол өөр өөрийн гэсэн онцлогтой. Миний хувьд гар үнэхээр чухал өөрийн гэсэн гоо сайхан өвөрмөц хэлбэртэй эрхтэн юм шиг санагддаг. Түүгээр дамжуулж олон зүйлийг илэрхийлж болно. Миний “Уураг тархи”, Эвтэй байваас” бүтээлд гар зурсан байдаг. Би бүтээлээрэй илэрхийлхийг хүссэн зүйлээ шууд биш арай өөр өнцгөөс шал өөр санаагаар өөр дүрслэлээр илэрхийлвэл сонирхолтой санагддаг. Тэр мэдрэмж сэтгэлийг хүнд хүргэхэд ямар зохиомж, ямар өнгө, ямар хэлбэр дүрс байвал сонин содноор бүтээл төрөх вэ гэдэг надад чухал байдаг.

AVE: Зургаараа яг юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?

ХОНГОРЗУЛ: Зургуудаараа сэтгэлийн хүч, хүний дотоод гоо сайхан, амар амгалан, сайхан энерги, аз жаргал, сайхан мэдрэмж, тод өнгө болон өөр олон зүйлийг илэрхийлнэ.

AVE: Таны бусад зураачидаас ялгарах гол онцлог?

ХОНГОРЗУЛ: Миний уран бүтээлийн онцлог нь эмэгтэй хүнтэй холбоотой сэтгэл зүйн бүхийл асуудал, гоо сайхан, тод мөртлөө зөөлөн өнгө, монгол эмэгтэй хүний уламжлалт ёс зүй, ахуй, өнөөдрийн нийгэмд хэрхэн илэрхийлэгдэх. Ерөнхий дүрс зохиомжоо том авдаг. Мөн би эмэгтэй хүний урт үс, түүний самнаас нарийн зураас хээ хийх дуртай.