What's New

ЦАГ ХУГАЦААГ ОДООД ХҮҮРНЭХ

Жаргалсайхны Мөнхжаргал нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн монгол зургийн ангийг 2003-2008 оны хооронд дүүргэжээ. Тэрээр 2008 оноос одоог хүртэл чөлөөт уран бүтээлч хийж байгаа бөгөөд Монгол Зураг Нийгэмлэгийн гишүүн мөн 2014 оноос “ХӨХ ЗЭВ” уран бүтээлчдийн нэгдэлийг хамтран байгуулсан.

Мөнхжаргал зургуудаа бидэнд танилцуулан цаг үе, түүх, нийгмээс авхуулаад хайрлал, уур уцаар, сүсэглэл гэх мэт хүмүүний эмоцийг хэрхэн цаасанд буулгадаг талаар бидэнтэй хүүрнэсэн энэ ярилцлагыг хүлээн авна уу.

AVE: Ямар төрлийн зураг зурдаг вэ?

Ж. Мөнхжаргал: Би монгол зургаар төгссөн. Тэгэхдээ хүн зурах болон туршлага судлах явцдаа өөрийн гэсэн арга барил эзэмшидэг. Миний хувьд уламжлалт зургаас жоохон залхаад байдаг. Ер нь уламжлалт зургийг абстракт болон орчин үетэй холбохыг хичээдэг.

AVE: Зураач байхын хамгийн баярламаар зүйл болон гутармаар хэцүү зүйл?

Мөнхжаргал: Зөндөө шүү дээ. Гоё зүйл нь гэвэл өөрийгөө илүү таньж мэдэх ч юмуу тэгсэн мөртлөө урлаг чинь ер нь хэцүү, адаглаад нийгэмдээ хэвийн ажиллаад зөвхөн тэрүүгээр мөнгө олоод амьдрана гэдэг хэцүү.

munhuu

AVE: Шантрах болгондоо яаж өөрийгөө сэргээж, даван гарч ирдэг вэ?

Мөнхжаргал: Өөр юм хийдэг. Янз бүр дээ, би хамгийн удаандаа жил гаран тогооч хийж явсан. Өөр юм хийгээд ирхээр тухайн зүйлээсээ залхаж эхэлдэг тэгээд л за энэ биш юм байна зураг л яг мөн юм байна гээд буцаад зургаа зурдагдаа.

AVE: Уран бүтээл туурвихдаа юунаас санаа авдаг вэ?

Мөнхжаргал:  Ер нь бол бүх зүйлээс санаа авдаг. Зөвхөн зураач гэлтгүй бүх хүмүүс л ямар нэгэн зүйлийг хийхдээ өмнө нь үзэж харсан зүйлээсээ л санаа авдаг байх; санаа авахгүй байсан ч гэсэн юм хийж байхад энийг нь ингэчихдэг юм уу, тэрийн тэгчихдэг юмуу гээд л санаанууд орж ирж байдаг тэр болгон нь өмнө нь үзэж харсан юмнаас л гарж ирдэг. Заримдаа бүр зориод ингэж зурнадаа гэдэг ч яалтчгүй яг зурж дууссаны дараа зарим хэсэг нь энэ тэрэнтэй адилхан болчихсон ч юмуу гэсэн тохиолдол байдаг.

t

Зураг: Тэр л Хүссэн Тэнгэрийн Таалал

AVE: Зургаараа юу илэрхийлхийг хичээдэг вэ?

Мөнхжаргал: Ерөнхийдөө түүхийн өнцгөөс нийгэмээ шүүмжилсэн. Янз бүрдээ…

AVE: Таны хувьд хамгийн шилдэг зураач хэн бэ?

Мөнхжаргал: Гаваруш Мөнхжаргал . Энэ хүн бол ёстой нийгэмшиж амьдардаггүй….энд байгаа юм тэрэнд хамаагүй. Харахад бол тийм ч нүдэнд тусахаар хүн биш боловч доторх нь их гоё хүн байдаг. Бодож, сэтгэж байгаа нь өөр. Үнэхээр гайхалтай зурдаг. Тэр асар их авъяастай, түүнд хэвийн өдөр гэж байхгүй, ярьж байгаа нь харь гаригийн юм шиг тэгсэн мөртлөө яг тулаад ярихаар бүр ярианд нь уусмаар аймар ухаантай-логиктой ярьдаг. Бид [хамтран уран бүтээлчид] хоорондоо юмыг их ерөнхий талаас нь ярьдагаа Гаваруш Мөнхжаргалтай байхад мэдэрдэг, тэрээр ямарваа зүйлийг их ухаж ойлгодог. Ер нь бол нийгмээсээ жоохон түрүүлээд төрчихсөн хүн гэж хэлж болно.

AVE: Улаанбаатар хотод ганцаараа байх дуртай, хүнээс харамладаг газар бий юү?

Мөнхжаргал: Хотод бол хэцүү л юм. Бид нар чинь ер нь ганцаараа байх нь ихэдсэн хүмүүс болохоор нээх тэгж ганцаараа байхыг хүсээд бодоод байдаггүй.

AVE: Хамгийн их цаг зав тэвчээр  зориулсан хайртай бүтээл тань юу вэ?

Мөнхжаргал: Хоёр найзтайгаа яг одооны хийж байгаа төсөл л болоод байна даа. Жил гаран үргэлжилж байна. Бүх зүйлээ яг өөрсдөөсөө гаргаж өөрсдөө хийж байгаа болохоор хэцүү, шантармаар зүйл их гарч ирж байгаа ч болгох гээд л үзээд байна даа. Энэ хугацаанд чинь 5, 6 кг турсан өнгө зүсээ алдаад нээлт мээлтэн дээрээ уулнаас бууж ирсэн юм шиг л юмнууд очиж байж билээ.  Ер нь тэгээд л өөрийн гэсэн бүх бүтээлүүддээ хайртай.

10845757_753218388107780_884835108754757311_o

Зураг: Өвгөн Арслан Хоёр

AVE: Хамгийн дуртай цаг үе?

Мөнхжаргал: Яг одоо үе л гоё гэж бодож байна, магадгүй ирээдүйд надаас ахин асуувал бас л тэр үе л байх болов уу. Энэ асуултын яг үндсэн хариултыг үхэхийнхээ өмнө л бодож олох байх. Яг тэр үед л гоё байж дээ гээд одоо бол сайн хэлж мэдэхгүй байна.

AVE: Уран зургийн хамгийн гайхамшигтай нь юу вэ?

Мөнхжаргал: Зургийг зурж ойлгож сурснаар ертөнцийг тэс өөр зүгээс харах чадвартай болдог ба миний зурсан зургийг хараад ойлгоод бишрээд тэр хүнд таалагдаж байгааг харах тэр мэдрэмж л хамгийн гайхалтай нь.

AVE: Өөр хийж үзмээр байгаа зүйл байгаа юу?

Мөнхжаргал: Хоёр найзтайгаа Хөх Зэв гээд нэгдэл байгуулаад одоо нэг төсөл дээр ажиллаж байгаа. Тэр төслийн хэсэг болох 60 минутийн киног хийж байна. Дүрслэхийн багш нартай хамтарч хийж байгаа. Нийт 30 гаран хүн оролцож байгаа бурэн хэмжээний кино. Киноны маань нээлт 10 дугаар сарын 5-нд ганцхан удаа гархаар байгаа. Жэки Чан гол дүрд, Жэки Чан найруулагчаар, Жэки Чан дуучнаар, Жэки Чаны тоглосон кино гэдэг шиг л гурвуулаа бүх юмаа гардан бүтээж байгаа.

munhuuu 01

Зураг: Бороо

AVE: Киноныхоо зохиолыг хэн бичсэн бэ? Яаж бүтээв?

Мөнхжаргал: Гурвуул ярилцаж байгаад бас өөрсдөө л бичсэн.

AVE: Ямар үед хамгийн бүтээлч байдаг вэ?

Мөнхжаргал: Ямарваа нэгэн гоё юм болсны дараа эсвэл кино үзээд ч юмуу, гэнэт нэг сайхан мэдрэмж төрдөг дөө…. “За яах уу” гээд л цаанаасаа нэг тийм бүтээлч онгод ороод л, гоё юм хиймээр санагдаад л, тэгсэний дараа сайхан зурмаар санагддаг. Тэгээд өдөр болгон л нээх гоё зураад л баймаар санагддаг даанч одоохондоо яг энэ төсөл дээр ажиллаад зурж амжихгүй байгаа.

AVE: Хэзээч дуусдаггүй бүтээл?

Мөнхжаргал: Одоо гэрт нэг тийм зураг байгаа. Ерөөсөө дуусахгүй байна. Анхнаасаа нүдэндээ төсөөлөөд бодоод зурсан ч деталчилаад харахад дуусцан юм шиг мөртлөө яг бөөнд нь базаад хархаар ерөөсөө ч дуусаагүй шал түүхий байгаад байгаа.

AVE: Урын сандаа хичнээн уран бүтээлтэй вэ?

Мөнхжаргал: Яг сайн гараас гарсан бол цөөхөн байгаа. Тэгэхдээ ер нь бол хэдэн зуу гарсан байх, нээх тоолдоггүй.

IMG_0289

Зураг: Зүүдний Үргэлжлэл

AVE: Зохиолчийн блоктой байх үед…?

Мөнхжаргал: Тэгвэл өөртөө таалагддаг юм үзэж харна эсвэл тэгээд л шал өөр юм хийж явж байгаад хэсэгтээ хаячихдаг. Тэгэж байгаад хийхээр буцаад нээх гоё амттай болцон байдаг, тэгж л гацаанаасаа гардаг байхдаа.

AVE: Юуг зурах дургүй вэ?

Мөнхжаргал: Юмыг яг дуурайлгаж зурах. Хүний хийснийг дахиж яг адилхан хийнэ гэдэг үнэхээр хэцүү. Өөр хүнээс гарсан зүйл надаас гарах зүйл тэс ондоо учраас дагаж дуурайж төстэй зурах дургүй.

AVE: Цаашдын зорилго?

Мөнхжаргал: Зургаа зураад л түүгээрээ аялмаар байна. Ойрын зорилго гэвэл энэ төсөлөө хурдан дуусгаад, бушуухан л зургаа зурмаар байна даа.

AVE: Танд баярлалаа.

Доорхи зургууд дээр даран Мөнхжаргалын бүтээлүүдийг томруулан харна уу.